Tuesday, February 14, 2012

Бэлтгэлгүй ярихын нууц


Хэн нэгэн хэзээ нэгэн цагт танд “Та индэр дээр гарч хэдэн үг хэлэхгүй юу?!” гэх асуух шаардахыг хослуулан хэлж байсан уу? Хэлээгүй гэж байгаа бол хэзээ нэгэн цагт хэлж л таарна гэж баттай хэлж чадах байна. Энэ нь та хэзээ нэгэн цагт огт бэлтгэлгүй байж байгаад олонд хандаж ярих хэрэг заавал гарна гэсэн үг. Тэнд байгаа хүмүүс тан руу анхаарлаа хандуулж юу ярихыг тань хүлээж байна.
Ийм үед нэг сайн амьсгаа аваад, сонсогчидтойгоо аль болох ойр байхыг хичээгээрэй. Гэнэт ярих шаардлага гарахад таныг аврах 3 эх сурвалж байдаг. Эхнийх нь, танд анхаарлаа хандуулсан сонсогчдын хэн болох, юу хийдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдэг, ямар сайн үйлс хийдэг талаар нь дурдаж жишээ татах хэрэгтэй. Хоёр дахь нь, болж байгаа үйл явдал. Хүмүүсийн тэнд цугларах болсон шалтгааны талаар бол мэдээж ярих нь тийм ч хэцүү биш шүү дээ. Хурал цуглаан, төрсөн өдөр, насны найр… гээд болж байгаа үйл явдалтай холбогдуулан ямар нэг юм ярих хэрэгтэй. Эцэст нь хэрэв та өөрөө сайн сонсогч бол таны өмнө ярьсан хүний ярианаас таалагдсан хэсгийг иш татан ярьж тухайн сэдвийг илүү өргөн дэлгэр болгож болно. Ингэж ярихад яг л таарсан гутал, бээлий өмсөж байгаа мэт таатай байх болно. Учир нь ийм яриа ярьж байгаа хүний тухайн үйл явдалтай холбогдолтой сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Танд зүгээр л тэр үед яриад өнгөрч байгаа мэт санагдсан ч сонсогчид маш амтархан сонссон учир таныг сайн илтгэгч, уран цэцэн яриатай хүн гэж үзнэ.

Нэг удаа бизнесмен, дарга нар нэг эмийн үйлдвэрийн лабораторийн нээлтэд оролцжээ. Тус эмийн үйлдвэрийн судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд нэг нэгээрээ босч химич, биологич, судлаач лаборантууд хэчнээн чухал ажил хийдгийг ярьжээ. Халдварт өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тарилга, вирусийн эсрэг антибиотик, тайвшруулах эм зэргийг хийсэн тухай. Эхлээд амьтан, дараа нь хүн дээр хийсэн туршилтууд нь нэлээд сэтгэл хөдөлгөж байлаа. Гэтэл нэг оролцогч судалгааны хэлтсийн даргад хандан “Гайхамшигтай” гээд, “Та нар үнэхээр сайн ажил хийсэн байна. Гэхдээ та яагаад өөрөө ярихгүй байгаа юм бэ?” гэв. Хэлтсийн дарга, “Би хүнтэй ярихаасаа илүү өөртэйгөө ярьдаг хүн дээ” гэв. Гэтэл үйлдвэрийн эзэн “Судалгааны хэлтсийн даргын үгийг сонсъё. Манай хэлтсийн дарга яриа хийх дургүй ч бидэнд зориулаад хэдэн үг хэлэх байлгүй” гэх нь тэр. Хэлтсийн дарга өрөвдөлтэй харагдаж байлаа. Хоёр гурван үг холбоод хэлж чадахгүй ихэд сандарч, ярихдаа муу хүн гэдгээ дурдаж уучлалт гуйгаад суув. Өөрийн мэргэжлийн салбартаа үнэхээр гялалзсан амжилт гаргасан хэдий ч өрөвдөлтэй, юу ч хийж чадахааргүй амьтан мэт харагдаж байлаа. Өөрөө хичээж хүмүүсийн өмнө ярихыг сурах хэрэгтэй. Ийм өндөр тушаал, амжилтад хүрсэн хүн ярьж чадахгүй байна гэдэг том дутагдал мөн.

Уг нь юу ярихаа сайн бэлдсэн байсан бол хүнд байдалд орохгүй л дээ. Та огт бэлтгэлгүй байхад үг хэлэх шаардлага гарвал нэлээд сандарч үгээ хольж солиод байдаг уу? Хүн хэдий бэлтгэл хийсний дараа сайн ярьж чадах чадвартай байлаа ч гэсэн огт бэлтгэлгүй байхдаа бодол санаагаа цэгцлэн хэдэн үг хэлэх нь түүнээс хавьгүй дээр. Орчин үед хөгжиж байгаа шинэ ажлын нөхцөлүүд, харилцааны хэлбэрүүд нь биднийг бодол санаагаа шууд хэрэгжүүлж эхлэхэд, гарсан боломжийг өөртөө ашигтайгаар зарцуулахад тулгаж байна. Өнөөдөр нэг шийдвэрийг ганц дарга биш, удирдлагын зөвлөл ч юмуу эсвэл бусдыг ятгаж чадахаар тийм уран сайхан ярьсан хүний тавьсан саналын дагуу гаргаж байна. Хүн бусдад итгүүлэхээр сайн ярьснаар тухайн бүлэг дэх нөлөөгөө ч бататгаж улмаар нийгэм дэх байр сууриндаа ч итгэлтэй болно гэсэн үг. Өөртөө итгэлтэй ярьж түүнийхээ үр дүнг үзэх газар бол ажлын талбар.

Гэнэт ярих шаардлага гарч хүн болгон анхаарлаа танд хандуулсан үед түгдэрч сандралгүй сайхан ярих хэд хэдэн арга бий. Эхний арга нь алдартай кино жүжигчдын хэрэглэдэг байсан арга буюу цаасан тоглоом. Энэ аргыг цаасан тоглоом гэж хэлэх нь мэдээж дэндүү дорд үзсэн хэрэг. Учир нь энэ арга хүнийг огт санаандгүй сэдвээр ярихад асар их хөгжүүлдэг арга байсан юм. Дуглас Файрбанкс олон жилийн өмнө “Американ Магазайн” сэтгүүлд бичихдээ Чарли Чаплин, Мери Пикфорд нарын хоёр жилийн турш тоглосон тоглоомын тухай бичжээ. Уран илтгэгчдийн ихэнхэд нь тохиолддог хүнд асуудлын нэг нь хурдан сэтгэж ярих юм. Файрбанксын бичсэнээр тоглоом дараах маягаар үргэлжилнэ. “Хүн болгон хэд хэдэн цаасан дээр тус бүрд нь нэг нэг сэдэв бичээд түүнийгээ малгайд хийж сэгсэрч сайтар холино. Ингээд малгай дотроос ээлжлэн нэг сэдэв бичсэн цаас сугалж авна. Эхний хүн сугалаанд бичсэн сэдвийн нэрийг хараад шууд босч 60 секундын турш тухайн сэдвээр зогсолтгүй ярина. Тэгээд ээлжлэн ярьсаар энэ тоглоомыг бүхэл бүтэн хоёр цаг үргэлжлүүлдэг байжээ. Тэгэхдээ нэг сэдвийг дахин давхардуулахгүй. Би ч бас оролцдог байв. Нэг өдөр би гэрлийн бүрхүүлийн тухай сэдэв сугалав. Хэрэв та амархан гэж бодож байгаа бол туршаад үзээрэй. Гэхдээ яаж ийж байгаад давж гарч чадсан л юмдаг. Хамгийн чухал нь энэ тоглоомыг тоглож эхэлснээс хойш бид 3 гурвуулаа нэлээд туршлагажсан байлаа. Мэдлэгийн хүрээ тэлж өөр олон сэдвийн талаар бага ч гэсэн мэдлэгтэй болж байлаа. Гэхдээ хамгийн дэвшилттэй тал нь гэвэл тулгамдсан үед ямар нэг сэдвээр ярихын тулд тухайн сэдэвт анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхийг сурсан хэрэг юм.”

Бэлтгэлгүй ярих дамжаанд хэд хэдэн удаа хамт олны өмнө гарч яриа хийх үүрэг өгдөг. Туршлагынхаа үр дүнд би энэ яриа нь маш их ач холбогдолтойг мэдсэн юм. 1.Ангид буй хүмүүст бэлтгэлгүй байхдаа бодол санаагаа төвлөрүүлж ярьж чадна гэдэгт нь итгүүлэх. 2. Нэг яриа хийхийн тулд бэлтгэлтэй ирлээ ч гэсэн гэнэт өөр сэдвээр ярих хэрэг гарахад сийрэг ухаанаар сэтгэн тайван хандаж энгийн арга байдлаар эвлэгхэн ярьж чадна гэдэгт нь итгүүлэх. “За одоо хүн болгон нэг сэдвээр самбарт гарч яриа хийнэ. Ярианыхаа сэдвийг самбарт гарах үед л хэлнэ” гэж зарлая. Тэгээд дараа нь яах вэ? Дамжаанд хамрагдаж байгаа нягтлан бодогчид рекламны тухай яриа хийх, борлуулалтын менежер бага ангийн тухай, багш банкны тухай, банкны ажилтан багшийн тухай гэх мэт огт хамаагүй сэдвээр ярих үүрэг өгөөд яриулна. Бүгд мэдээж ямар нэг хэмжээгээр ярих шаардлагатай гэсэн үг. Эхний удаад заавал амжилттай байх албагүй. Заримых нь хувьд амархан, заримых нь хувьд хэцүү байна. Гэхдээ тэд бүгд оролдоно. Огт бууж өгөхгүйгээр оролдсоны эцэст маш хялбар хийж байгаагаа мэдэж урамшина. Өөртөө огт байхгүй гэж бодож байсан чадварыг нээж хөгжүүлж болдгийг мэдээд өөртөө итгэж эхэлдэг. Хийж чадна гэж бодож түүндээ хүч, хөдөлмөр, зүтгэл зарцуулдаг, цаг заваа түүнд зориулдаг тийм л хүмүүс зорьсондоо хүрнэ гэдэгт би итгэдэг. Сурагчдыг гэнэтийн ярианд бэлдэх бас нэг арга нь чөлөөтэй ярих арга болно. Сурагчдын нэг нь босч ямар ч хамаагүй санаанд орсноо ярих бөгөөд цаг дуусахад дараагийнх нь нь үргэлжлүүлж эхэлнэ. Нэг сурагч “Хэд хоногийн өмнө нисдэг тэргээрээ нисч байсан чинь өөдөөс баахан нисдэг таваг гарч ирлээ. Би газардахын тулд зогсохоор завдтал хамгийн ойр байгаа тавагнаас нэг жижиг хүн гарч ирээд гал нээж эхлэв. Би…” гэтэл цаг дууссаныг мэдэгдэнэ. “Би” гэдэг үгнээс хойш нөгөө найз нь гарч ирээд үргэлжлүүлэн ярина. Ингээд бүх анги нэг нэгээрээ гарч ярина. Яриаг хүн болгон сонирхол татсан болгохыг хичээнэ. Эхэлсэн түүх бүр сүүлдээ харь гариг дээр ч, их хурлын танхимд ч дуусч болно. Энэ нь ганц сурагчдад ч биш бүх хүмүүст бэлтгэлгүй ярих арга сургах хамгийн сайн аргын нэг юм. Энэ арга техник нь нийтийн өмнө гарч сонирхолтой яриа хийхэд нэлээд дөхөм болно.

Таныг огт санамсаргүй байхад үг хэлэх урилга ирвэл үүнийг зоригтой хүлээн авч энэхүү богино хугацаанд ямар ямар сэдэв багтааж хэр зэрэг сайн ярихаа хэдхэн хормын дотор тооцоол. Ийм байдлыг чөлөөтэй давж гардаг болохын тулд эхлээд ямар нэг хурал зөвлөгөөн, уулзалтад явахдаа сэтгэл санааны бэлтгэлтэй байж хэрэв намайг ярь гэвэл юуг цохох хэрэгтэй вэ гэдгийг эргэцүүлэн тунгаасан байвал бүр сайн. Яг ямар сэдвийг хөндвөл илүү оновчтой болох вэ гэдгийг ч бодож амжих хэрэгтэй.

Өөрийгөө ярихад бэлдэхийн тулд бодох хэрэгтэй. Бодох нь энэ дэлхий дээрх хамгийн хэцүү зүйлийн нэг. Хүн болгон уран илтгэж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Яг л онгоцны нисэгч аюул тохиолдсон үед сандарч тэвдэлгүйгээр жолоог зөв удирдахын тулд байнга асуулт асууж лавлаж хөдөлгүүрийн товчлуурын үйл ажиллагааг сайтар мэдэж авдаг шиг, уран илтгэгч ч магадгүй хэзээ ч ярихгүй сэдвээр ч хамаагүй тоо томшгүй олон илтгэл бэлдэх хэрэгтэй.

Хүмүүсийн өмнө гарчихаад бэлтгэлгүй байснаа хэлж уучлалт эрэх хэрэггүй. Хүмүүс тэртэй тэргүй мэдэж байгаа. Харин ч шууд гараад оновчтой хэдэн үг хэлэхэд л хүмүүс таныг зэгсэн үнэлнэ. За ингээд доорх зөвлөгөөг заавал гүйцэтгээрэй. Шууд л нэг жишээ тат. Яагаад гэж үү? Доорх гурван үр дүнд хүрэхийн тулд: 1.Дараагийн өгүүлбэрийг хэлэх гэж зовох хэрэггүй болно. Болсон, уншсан явдал ой санамжинд сайтар суудаг учир жишээн дээр тулгуурлан ярьж болно. 2.Яриандаа дасах учраас эхний үеийн тулгамдал арилна. Сонсогчдын анхаарлыг татна. Ямар нэг болсон явдал ярих нь хүн бүрт сонирхолтой санагддаг. Тиймд эцэст нь юу болсныг мэдэхийн тулд чих тавин чагнадаг. Ярьж буй жишээг шимтэн сонсох сонсогч нь таныг сэтгэлээр дэмжиж урамшуулна. Харилцаа нь хоёр талтай явц юм. Анхаарлыг гартаа авсан илтгэгч үүнийг хялбар ойлгоно. Тиймээс илтгэгч, сонсогч хоёрын хооронд эерэг дулаан энерги бий болгох нь уран илтгэх түлхүүр гэж болно. Ялангуяа таныг ярь гэж индэр дээр гарахад жишээ татаж яриагаа эхэл гэж зөвлөж байгаа ийм л учиртай юм.

Эцэст нь хэлэхэд эрч хүчтэй, гал дөлтэй байх хэрэгтэй гэж зөвлөе. Та бодол санаагаа сайхан ухаалаг яриагаар л хүмүүст хүргэж, үнэ цэнийг нь мэдрүүлнэ.

No comments:

Post a Comment