Tuesday, February 14, 2012

Бэлтгэлгүй ярихын нууц


Хэн нэгэн хэзээ нэгэн цагт танд “Та индэр дээр гарч хэдэн үг хэлэхгүй юу?!” гэх асуух шаардахыг хослуулан хэлж байсан уу? Хэлээгүй гэж байгаа бол хэзээ нэгэн цагт хэлж л таарна гэж баттай хэлж чадах байна. Энэ нь та хэзээ нэгэн цагт огт бэлтгэлгүй байж байгаад олонд хандаж ярих хэрэг заавал гарна гэсэн үг. Тэнд байгаа хүмүүс тан руу анхаарлаа хандуулж юу ярихыг тань хүлээж байна.
Ийм үед нэг сайн амьсгаа аваад, сонсогчидтойгоо аль болох ойр байхыг хичээгээрэй. Гэнэт ярих шаардлага гарахад таныг аврах 3 эх сурвалж байдаг. Эхнийх нь, танд анхаарлаа хандуулсан сонсогчдын хэн болох, юу хийдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдэг, ямар сайн үйлс хийдэг талаар нь дурдаж жишээ татах хэрэгтэй. Хоёр дахь нь, болж байгаа үйл явдал. Хүмүүсийн тэнд цугларах болсон шалтгааны талаар бол мэдээж ярих нь тийм ч хэцүү биш шүү дээ. Хурал цуглаан, төрсөн өдөр, насны найр… гээд болж байгаа үйл явдалтай холбогдуулан ямар нэг юм ярих хэрэгтэй. Эцэст нь хэрэв та өөрөө сайн сонсогч бол таны өмнө ярьсан хүний ярианаас таалагдсан хэсгийг иш татан ярьж тухайн сэдвийг илүү өргөн дэлгэр болгож болно. Ингэж ярихад яг л таарсан гутал, бээлий өмсөж байгаа мэт таатай байх болно. Учир нь ийм яриа ярьж байгаа хүний тухайн үйл явдалтай холбогдолтой сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Танд зүгээр л тэр үед яриад өнгөрч байгаа мэт санагдсан ч сонсогчид маш амтархан сонссон учир таныг сайн илтгэгч, уран цэцэн яриатай хүн гэж үзнэ.

Friday, February 3, 2012

Цахим ертөнцийн “Цезарь”

Цахим ертөнцийн “Цезарь”
Одоогоос найман жилийн тэртээ Марк Зюкерберг коллежийн дотуур байрандаа хүссэн хүн болгон нь өөрийн зургаа тавьж, хувийн мэдээлэлтэй байх төдийгүй хоорондоо мэдээлэл солилцдог нэгэн программыг зохиожээ. Энэ бол өдгөө дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн хүртээмжтэй нийгмийн сүлжээний нэг болох Facebook юм. Дотуур байрны давчуухан өрөөнд мэндэлсэн энэхүү программ өдгөө 900 гаруй сая хэрэглэгчидтэй болжээ. Энэ сайт нь тухайн хүний талаарх бүхий л мэдээлэл, тухайлбал, сонирхол, шашин шүтлэг, үзэл бодол, үндэсний онцлог зэрэг тухайн хүний онцлог шинжийг дэлхийд таниулах боломжийг олгодог. Хэрвээ та энэхүү сайтад өөрийн профайлыг үүсгэсэн л бол зураг, ажлын намтар, амьдралын зорилго чиглэлээ хүн болгонтой хуваалцаж, бүр таны бухимдалыг төрүүлж байгаа зүйл чинь юу вэ гэдгийг хүртэл чөлөөтэй илэрхийлж болно. Магадгүй энэ их эрх чөлөөнийхөө хүчээр Ойрхи Дорнодын ихэнх улсуудад хувсгалыг эхлүүлсэн ч байж болох юм. Хэдийгээр дэлхийн гэр бүл салалтын 15,3 хувийг, амиа хорлох шалтгааны 10 хувийг эзэлж байгаа гэх судалгааны дүн байгаа хэдий ч найман настай жаал, наян настай хөгшин, дарга, цэрэг, улсын ерөнхийлөгч хүртэл энэ сайтаар үйлчлүүлж хэрэглэгчдийн хүрээг нь тэлсээр байна.