Friday, February 3, 2012

Цахим ертөнцийн “Цезарь”

Цахим ертөнцийн “Цезарь”
Одоогоос найман жилийн тэртээ Марк Зюкерберг коллежийн дотуур байрандаа хүссэн хүн болгон нь өөрийн зургаа тавьж, хувийн мэдээлэлтэй байх төдийгүй хоорондоо мэдээлэл солилцдог нэгэн программыг зохиожээ. Энэ бол өдгөө дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн хүртээмжтэй нийгмийн сүлжээний нэг болох Facebook юм. Дотуур байрны давчуухан өрөөнд мэндэлсэн энэхүү программ өдгөө 900 гаруй сая хэрэглэгчидтэй болжээ. Энэ сайт нь тухайн хүний талаарх бүхий л мэдээлэл, тухайлбал, сонирхол, шашин шүтлэг, үзэл бодол, үндэсний онцлог зэрэг тухайн хүний онцлог шинжийг дэлхийд таниулах боломжийг олгодог. Хэрвээ та энэхүү сайтад өөрийн профайлыг үүсгэсэн л бол зураг, ажлын намтар, амьдралын зорилго чиглэлээ хүн болгонтой хуваалцаж, бүр таны бухимдалыг төрүүлж байгаа зүйл чинь юу вэ гэдгийг хүртэл чөлөөтэй илэрхийлж болно. Магадгүй энэ их эрх чөлөөнийхөө хүчээр Ойрхи Дорнодын ихэнх улсуудад хувсгалыг эхлүүлсэн ч байж болох юм. Хэдийгээр дэлхийн гэр бүл салалтын 15,3 хувийг, амиа хорлох шалтгааны 10 хувийг эзэлж байгаа гэх судалгааны дүн байгаа хэдий ч найман настай жаал, наян настай хөгшин, дарга, цэрэг, улсын ерөнхийлөгч хүртэл энэ сайтаар үйлчлүүлж хэрэглэгчдийн хүрээг нь тэлсээр байна.


Шүдний эмч Эдвин Зюкерберг, физикч Карен нарын гэрт 1984 оны тавдугаар сарын 14-нд айлын отгон хүү болон нэгэн хүү мэндэлжээ.Тэр хүү хожим нь дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг болчихно гэж гэр бүлийнхэн нь тухайн үед төсөөлөө ч үгүй байсан биз. Энэ бол Марк Зюкерберг юм. Тэрээр еврей үндэстэн бөгөөд багаасаа жүүд айлын нарийн ёс журмын дор хүн болжээ. Гэвч тэрээр Facebook дэх өөрийн хуудасдаа шашингүй үзэлтэй гэж бичсэн нь бий. Тэрээр Ардслигийн ахлах сургуульд суралцаж байгаад Филипс Экстерийн академи руу 1997 онд шилжсэн байна. Учир нь шинэ сургууль нь өмнөх сургуулиас нь илүү гүнзгий шатны мэдлэгийг олгож, заадаг хичээлийн программ жирийн сургуулийнхаас хүнд байснаас ийнхүү сургуулиа шилжүүлжээ. Шилжэн орсон жилдээ ерөнхий эрдэм болон шинжлэх ухааны хичээлүүддээ амжилт гарган шилдэг сурагчийн шагналыг хүртсэн байна. Тэрээр бүх хичээлдээ сайн байсан бөгөөд Латин, Грек, Мандарин Хятад хэлтэй, түүгээрээ мэргэжлийн төвшинд бичдэг байлаа. Green Day, Jay-Z бол Маркын шүтээн. Одоо хэр нь тэдний дуунд дуртай байдаг аж. Бага байхдаа тэрээр компьютерийн бүх төрлийн дайны чиглэлийн тоглоомонд дуртай, түүгээрээ үеийнхээ хүүхдүүдээс ялгарч чаддаг байжээ. Мөн дайны төрөл бүрийн баатарын зурагтай зурагт картан тоглоомыг тэр сонирхон цуглуулдаг байсан гэдэг. Гэхдээ тэр хэдхэн жилийн дараа цахим ертөнцийн бодит “дайн” руу явж орно гэдгээ төсөөлж байсан болов уу?

Тоглоомноос бодит ертөнц рүү...

Марк Зюкерберг дунд сургуульд байхдаа анхныхаа программыг зохион бүтээжээ. Atari BASIC programming нэртэй түүний анхны программыг аав нь софтвейр хөгжүүлэгч Дэвид Ньюмэнд анх танилцуулж байсан гэдэг. Тэр үед Марк 13 настай байлаа. Хожим нь Дэвид Ньюмэн түүний багш болсон байна. “Тэр бол миний анхны бөгөөд эцсийн шавь. Би анхны уулзалтаа тод санадаг. Би түүнд программ зохиох талаар зааж байхад таных дээр үүнийг нэмбэл илүү дээр гээд нэг зүйл үзүүлж байсан. Зааж эхлэхээсээ өмнө би түүнийг надаас илүү болно гэдэгт нь итгэж байсан юм” гэж Дэвид дурссан байдаг. Энэ цаг мөчөөс хойш тэр программ зохиох, үйлдлийн системийг төрөлжүүлэх, тоглоом зохиох хүсэлд автах болсон юм. Ахлах сургуульд орсон жилдээ зохион бүтээсэн түүний программыг аав нь шүдний эмнэлэгтээ ашигласан гэдэг. Тухайн үедээ аавынх нь эмнэлэг “ZuckNet” нэртэй түүний программаар ажлаа явуулж байжээ. Энэ программ нь эмнэлэгт бүртгүүлсэн  үйлчлүүлэгч нар тусгай нууц үг авдаг бөгөөд гэрээсээ эмнэлэгт холбогдож дараалал захиалах, ямар төрлийн эмчилгээ хийлгэх талаар мэдээлэл үлдээдэг байжээ. Мөн эмнэлгийн үйлчилгээний талаарх сэтгэгдэл үлдээх боломжийг ч уг программд багтаасан байдаг. Жилийн дараа AOL /America Online/ компаниас instant Messenger-ийн программыг худалдаанд гаргасан нь үйлдлийн хувьд залуу Маркын программтай ижил төстэй байсан гэдэг.

Марк Зюкерберг ахлах сургуульд байхдаа Intelligent Media Group нэртэй компаниа байгуулсан бөгөөд худалдаанд гаргасан анхны программ нь Synapse Media Player байлаа. Тухайн үед энэхүү программ нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн дууг ямар нэгэн нэмэлт үйлдэл хийхгүйгээр шууд сонсох боломжоор хангаж өгсөнд хамгийн гол онцлог нь оршиж байсан гэдэг. Тэр цаг үед нэр хүнд нь түгэж, амжилтанд хүрээд байсан Slashdot сайтад ямар нэгэн сэтгэгдэл үлдээхэд тухайн тоглуулагчид хүссэн дуу нь суудаг байжээ. Программ гарсан даруйдаа мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч цахим ертөнцийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох PC Magazine сэтгүүлээс 4 одын үнэлгээг авч байлаа. Сэтгүүл энэ үнэлгээг өгч байх мөчид Зюкерберг рүү алдарт Microsoft компаниас утасджээ. Түүнд өөрийн компанитай нэгдэж программыг нь худалдаж авч байх саналыг Билл Гейтс хувийн туслахаараа дамжуулан тавьж байсан аж. Гэтэл 2002 оны 12 сард Харвардад элсэх урилга ирсэн учраас энэ саналыг арга буюу хүлээж аваагүй гэдэг.

Харвардад хөл тавьсан анхны жилүүддээ тэрээр сургалтаараа, амжилтаараа бусдыгаа манлайлж чадаж байлаа. Харвардад ороод Зюкербергийн зохиосон шинэ программ нь CourseMatch байсан юм. Тэрээр Харвардын курс болгоныг ангилсан дөрвөн шинэ цонх нээж хувийн мэдээллээ, солилцож байх зориулалттай өдрийн тэмдэглэл шиг программыг зохиосон байна. Удалгүй тэрээр энэ программаа улам сайжруулж FaceMash нэртэй болгожээ. Өмнө нь зөвхөн хувийн мэдээллээ тавьдаг байсан бол зураг оруулдаг, өөрийн болоод бусдын зурган дээр сэтгэгдэл нэмж болдог шинэ зүйлүүдийг тэрээр энэ программдаа нэмсэн гэдэг. Энэ программ зохиогдсоноосоо хойш долоо хоногийн дараа Харвардын бүх сүлжээнд суусан бөгөөд тус сургуулийн оюутны хотхоны орох дуртай программын нэг болжээ. Гэхдээ тэр зөвхөн сургуульдаа ашиглуулдаг байхыг хүссэнгүй. Тэр хүссэн хүн болгон өөрийн гэсэн хуудас нээж, хүссэн мэдээллээ хормын дотор солилцдог томоохон сайтын хэмжээнд хүргэхийн тулд орой болгон сууж программаа нэмж сайжруулдаг байлаа. “Бид тэдэнд программын нэрийг өөрчил гэж ятгадаг байлаа. Бид Facebook гэж нэрлэ гэж ятгадаг байсан. Тэр тэгэхэд бодож үзэж болох л юм гэж хариулж байсныг нь санаж байна” гэж өрөөний анд Ари Хасит нь хожим дурсан ярьжээ.

Дайны талбарт...

2004 оны хоёрдугаар сарын 4-ний өглөө Харвардын оюутны хотхоны дотуур байрны давчуухан өрөөнд дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээ мэндэлжээ. Тэрээр энэхүү программынхаа санааг бараг хоёр жилийн өмнөөс бодож олсон бөгөөд “The Photo Address Book” нэртэй программаасаа санаа аван “Facebook” программаа зохиосон байна. Харвардын их сургуульд анх үүнийг суурилуулж байхад оюутан залуусыг хооронд холбож, нэг, нэгнийгээ мэдэх хамгийн хялбар, сонирхолтой арга гэдэг нь батлагдсан тул тэрээр олон хүний сонирхолыг татна гэдэгт нь итгэж байлаа. Гэхдээ түүнд нэгэн бэрхшээл тулгарсан юм. Хэрхэн борлуулж, олон нийтэд яаж таниулах вэ гэдэг нь хамгийн том асуудал байлаа. Түүний өрөөний анд болох Дастин Московиц нь Facebook программын талаар их сургуулиудад таниулж, туслахаа амласан юм. Хэдхэн долоо хоногийн дараа Stanford, Dartmouth, Columbia, New York University, Cornel, Pennsylvania, Yale-н их, дээд сургууль, коллежуудад үнэгүй суулгажээ.

Хоёр сарын дараа Зюкерберг хамтрагчидтайгаа Калифорни мужийн Пало Алто хот руу шилжиж, анхныхаа оффисыг хувийн жижигхэн байшинд нээж байсан гэдэг. Хувийн компаниуд худалдан авах саналыг Марк болон түүний найзуудад илгээснээр тэд Калифорни мужийн төвд томоохон албан тасалгаа худалдан авч, зорилго, зорилт, хэтийн төлөвлөгөө шинэчлэн боловсруулж, албан ёсоор компаниа байгуулсан байна. Тэд ч санал ирүүлсэн компаниуд болон өөр бусад компаниудад энэхүү бүтээгдэхүүний тухай танилцуулж, сурталчилгаа суурилуулж байснаас гадна зөвхөн тухайн компанийнханд зориулсан Facebook-г үүсгэж байлаа. Тэрээр 2007 онд өгсөн ярилцлагадаа “Бид анх мөнгөний тухай, хэдэн долларын ашиг олох тухай боддог ч үгүй байсан. Би болон манай нөхдийн боддог байсан ганц зүйл нь хувь хүн бүр өөрийн хүссэн мэдээллээ чөлөөтэй солилцож болох хамгийн сонирхолтой нийгмийн сүлжээг бүрдүүлэх л байсан юм” хэмээжээ.

2004 оны гуравдугаар сард тусгайлсан цахим хуудас нээх тал дээр Дастин Московиц, Эндрью Макколум, Крис Хьюс, Эдуардо Саверин нар нэгдэж ажиллаж эхэлжээ. Анхны сурталчилгаагаа Бостон хотын их сургууль, коллежуудын дунд болдог үндэсний хөлбөмбөгийн лигийн үеэр байрлуулж байсан гэдэг. Мөн Канад болон АНУ-ын их сургууль төгсөгчдийн холбоодод өөрсдийн цахим хуудсын талаар сурталчилгаа хийж байжээ. 2004 оны зуны дунд сард Зюкерберг болон түүний хамтрагчидтай Шон Паркер хэмээх бизнесмэн уулзаж цахим хуудасний домейн нэр авахад туслах хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Ингээд 2005 оны нэгдүгээр сард facebook.com нэртэй цахим хуудсыг 200 мянган ам.доллараар худалдаж авсан гэдэг.

2004 оны зургадугаар сард Paypal цахим худалдааны сайтыг үүсгэн байгуулагч Петр Тил 500 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийсэн нь Facebook-д оруулсан хамгийн анхны хөрөнгө оруулалт болжээ. Дараа жил нь Accel Partners 12,7 сая, Greylock Partners 27.5 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж, facebook сайтыг хөл дээр босгоход томоохон түлхэц үзүүлсэн байна.

Дайснуудын хараанд...

Facebook-г Марк Зюкерберг зохион бүтээсэн цагаасаа л өөртөө дайсан дуудаж байсан юм. Үүнийг гэрчлэх нэг баримт бол анх зохион бүтээснээс хойш зургаа хоногийн дараа Харвардын нэгдүгээр курсын гурван оюутан санаа хулгайлсан нэрээр шүүхэд хандсан байна. Камерон болон Тейлор Винклвосс, Дивя Нарендра нар Зюкербергийг өөрсдийн бүтээсэн сайтнаас санаа хулгайлсан гэж үзэцгээсэн юм. Зюкербергийн хулгайлсан гэж үзэж байсан сайт нь HarvardConnection.com сайт байжээ. Нүүр хуудсанд зураг байршуулах, сэтгэгдэл үлдээх, шууданд ил захидал үлдээх зэргийг тус сайтнаас санаа авсан гэдгийг сөргөлдөгч талынхан баталж байлаа. 2004 онд Бостон хотын тойргийн шүүхэд хандсан хэдий ч шүүхээс буцаагдаж 2007 оны гуравдугаар сарын 28-нд дахин шүүхэд дууджээ. I2Hub нэртэй бүтээлээс санаа авсан эсэхийг жилийн турш шалгасны эцэст зарим нэг линкүүдээс санаа авсаныг нь тогтооож 2008 оны зургадугаар сарын 25-нд The Winklevoss Chang Group-д тус бүр нь 1,2 сая долларын нийтдээ 20 сая долларын нөхөн олговорыг facebook-с гаргах шийдвэрийг гаргасан байна.

Нэгэн цагт түүний бизнесийн хамтран зүтгэгч гэгдэг байсан Эдуардо Саверин түүнийг шүүхэд дууджээ. Шүүхэд дуудах болсон гол шалтгаан нь анх байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзсэнд оршиж байлаа. Гэвч шүүхээс гэрээний ямар нэгэн зөрчилгүй гэж үзэн буцаажээ.

2010 оны зургадугаар сард Пакис­тан улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Мохаммед Азхар Сидике Зюкерберг, Московиц, Хьюс нарт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь facebook-н дэлхий даяарх хэрэглэгч нарын дунд Мохаммедыг хэн сайн зурах вэ уралдааныг зарласанд оршиж байлаа. Тавдугаар сарын сүүлд уралдаан өндөрлөж, facebook-н удирдлагын зүгээс залруулга тавьсанаар энэ хэрэг намжжээ.

MySpace нэртэй нийгмийн сүлжээг үүсгэсэн News Corp компани 2005 оны долдугаар 19-нд Facebook сайтыг худалдаж авах саналыг Зюкербергт тавьжээ. Энэ саналыг тавихад л компанийн зүгээс буцааж гэрээ хийхгүй гэдгийг сануулсан гэдэг. Хэдийгээр Зюкерберг зарахгүй гэж байсан ч News Corp-ын санал болгосон 750 сая доллар эцэстээ 2 тэрбум доллар болж өсчээ. 2007 оны 10 дугаар сарын 24-нд Microsoft компаниас нэгэн санал ирүүлсэн байна. Тэд facebook-н нэг ч программыг нь орхигдуулахгүйгээр 15 тэрбум доллараар авах хүсэлт байжээ. Гэсэн ч үүнийг Зюкерберг хүлээж аваагүй байна. 2008 оны наймдугаар сард нэр нь үл мэдэгдэх нэгэн компани таван сая доллараар худалдаж авах саналыг ирүүлж байсан ч Зюкербергийн санааг эргүүлж чадсангүй.

Шинэ эхлэл… 

“Хүн болгон биднийг компаниа зарна гэж хардаг. Тэгвэл үгүй гэж хэлье. Гэхдээ бид хэзээ ч зарахгүй гэсэн үг биш. Удахгүй бид компанынхаа IPO-г гаргана” гэж Зюкерберг 2007 оны долдугаар сарын 17-нд ярьж байжээ. Гэтэл түүний ярьж байсан үнэн болохыг 2012 он гарангуут л дэлхий нийт мэдсэн юм. Бараг нэг сар гаруйн турш яригдаж байсан Facebook-н IPO гарах нь тодорхой болов. 2012 оны хоёрдугаар сарын 2-нд буюу өчигдөр нэгж бүрийг таван тэрбум доллараар үнэлсэн IPO төлөвлөгөөг боловсруулжээ. Хэдийгээр арван тэрбум долларын IPO гаргана гэж таамаглаж байсан ч тэд таван тэрбум доллараар гаргахаар болсон юм. Энэ нь цахим ертөнцийн компанийн хамгийн аварга үзүүлэлт билээ. 2011 он Facebook сайт 3.71 тэрбум долларын цэвэр ашиг олжээ. Тэрээр шинэ IPO гаргахаас гад­на сайн үйлсийн аянд эрчимтэй оролцох болжээ. Тэрээр сүлжээ болон компьютерийн бизнес эрхэлж байгаа шинэхэн компаниудад эхлэлийн хөрөнгө өгдөг юм. 2010 оны есдүгээр сарын 22-нд Newark Public School-д 100 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж, цахим хувилбарт шилжүүлэх программыг үнэ төлбөргүй суулгаж өгчээ. Мөн АНУ-н хүнд өвчтэй болон амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдралтай өрхөд туслах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа юм. 2010 оны 12 дугаар сарын 9-нөөс Воррен Баффет, Билл Гейтс нарын хандивын санд нэгдэж эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй бол­гоход хөрөнгө оруулалтыг хийхээр болсон билээ. Тэд нийт жилийн олсон ашгынхаа 5 гаруй хувийг хандивын дансанд төвлөрүүлж шаардлагатай хү­мүүст хөрөнгө оруулж байхаар тогтжээ.

Facebook. Энэ бол дэлхийн хам­гийн том нийгмийн сүлжээ юм. Нийт хэрэглэгчдийнхээ тоогоор Колумб, Индо­незийнхээс хэдийнэ давжээ. Дэл­хий дээр оршин байгаа 14 хүн тутмын нэг нь facebook хуудастай байдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Facebook-г үндэслэгч Марк Зюкерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан бөгөөд АНУ-н тэргүүн баячуудын нэг билээ. Түүнийг Time сэтгүүл 2010 онд оны онцлох хүнээр нэрлэж байсан түүхтэй. АНУ-ын цахим бизнесийн мэргэжилтнүүд түүнийг “гоц ухаантан”, бүр “залуу Цезарь” хэмээн нэрлэх нь ч бий.

Б.Болорсүх

Www.news.mn

No comments:

Post a Comment