Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?
Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна. Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.
Мета танин мэдэхүйн энэ талын тухай Буддизмын сонгодог дүр дүрслэл бол бидний бодол санаа бол уудам хөх тэнгэрт нүүж өнгөрөх үүлс лүгээ адил хэмээх юм. Бүхэл амьдралынхаа туршид бид эдгээр үүлний үргэлжлэлийг ямар нэг тогтвортой бөгөөд он цагийн улиралтыг даахуйц “би” хэмээх мөн чанарыг үүтгэдэг хэмээн итгэн үнэмшиж ирсэн. Гэтэл Буддистууд энэхүү “би” гээч бол хувьсал өөрчлөлт, гарз хохирол, өтлөх, үхэх тэргүүтэн зайлбаргүй мэт л тохиох тэдгээр огтын шаардлагагүй зовлонгийн шалтгаан болсон хий хоосон зүйл гэж үздэг байна. Буддизмд суралцахын нэгэн зорилго нь бодол санаануудын – хөх тэнгэрийн зэрвэсхэн үзэгдлүүдийн – хоорондох зай завсаруудыг буюу тасалдлыг илрүүлэн мэдэхэд оршино. Тэгсэнээрээ бид дээр дурдсан хий хоосон зүйлд эзлэгдэхгүй төдийгүй үүлс хуран үүсэх хийгээд сарнин одох тэр сэрэл мэдэмсэрийн урсгалыг танин барьж сурах юм.
Apple-н залуухан үүсгэн байгуулагчид нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Сан-Франциско хотноо Зэн төв байгуулсан Шунрю Сузуки-роши багшийн бичсэн "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" хэмээх зохиол мөн. Энэ бол Зэн бурхны шашны ёсны тухай маш эелдэг сайхан, урин залсан шинжтэй бөгөөд маш ойлгомжтой гарын авлага болсон юм. Сузукийн чухамхүү хэн нэгэн маш ухаалаг хүүхдийн дуу хоолой дуурсах мэт сэтгэлд таатай бөгөөд зугаатай өгүүлэмжүүд нь "амьдрал үхлийн их оньс, өгүүлэшгүйн оргилд цэнгэн бүжигч" хэмээн нэрлэгдэх Зэн багш нарын тухай гүн гүнзгий бөгөөд маш нарийн тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ бол үнэхээр амьдралынхаа аль ч цаг үед уншиж болох ой тойнд багтамгүй их ховор чухал номуудын нэг юм. Энэ сацуу энэ бол нэгэн зүйл хувьсгалт эргэлт бүхий зохиол мөн. Тухайн цаг үеийнхээ Зэн шашны ном зохиолуудын үндсэн түрлэг урсгалыг сөрөн "Зэн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" нь гэгээрэлд "яарах зүйлгүй" алгуур боловч бат тогтвортой дурдалыг дадуулахуй үйлээр хүрэх тухай татгалзахын аргагүй сайхан онолыг айлддаг юм. Энэ нь нэгэн суурин дээр дараагийн бясалгалын хувь дээр л ямар нэгэн дорвитой, амьдралыг урвуулан өөрчлөхүйц "сатори" (Зэн бурханы шашинд гэгээрлийн хутгийг ийн нэрийддэг)-ийн улбаа, гэрэл гэгээг мэдрэх болно хэмээн горилолгүйгээр бясалгана гэсэн үг мөн. Сузуки-роши өөрийгөө гэгээрсэн гэж ер зарлаагүй байдаг нь тухайн цаг үедээ Зэн бурханы шашны алдартай их багшийн хувьд байж боломгүй зүйл байв. Тэр бүү хэл, гэгээрээгүй гэдгээ инээдэм болгон байж өөрийн шогч эхнэрээрээ батлан гэрчлүүлдэг байжээ. Сузуки-роши, "та бүхэн Бурхан болох гэж "зазэн" суудлаар суудаггүй юм. Та өөрийн байгаагаараа л төгс төгөлдөр мөн. Багахан боловсруулалт л хэрэгтэй" хэмээн олонтаа айлддаг байв.
Apple амжилтанд хүрэхэд Буддистуудын дурдал гэж нэрлэдэг тэр сэтгэлийн үйл маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 15 дугаар зууны яруу найрагч Иккюү-гээс "Зэн хэмээхийн утга юу вэ?" гэж асуухад тэрбээр "Анхаарал төвлөрөл" гэж хариулсан байдаг. Үүнийг цааш нь тайлбарлахыг хүсэхэд тэрбээр "Анхаарал бол анхаарал мөн" хэмээн хариулсан байна. Зэн шашны ёсонд анхаарал гэдэг нь "Зэн до"-д хүрэлцэн ирж, өөрийн амьсгалыг дурдан агуулж суухаас илүү гүн утгатай зүйл юм. Энэ нь та өөрийн өдөр тутмын амьдралдаа автобус руу гүйх, будаа агшаах, хадмуудтайгаа ярих, даралтны эмээ уух, загас наадуулах гэх зэрэг хийж буй үйл бүхэндээ эгшин бүрт нь мэдэмсэр сэхээрлээ хандуулахын утга мөн.
Өөрөөр хэлбэл, "бусад хүмүүст зориулсан" цоо шинэ компьютер бүтээхтэй адил зүйл юм. Жобсын Тассажара болон бусад Зэн төвүүдэд дадуулж асан ахуй нөхцөл нь түүнд дээд зэргээр боловсорсон уламжлалт бүтээл болон Калифорнийн онгон зэлүүд газар нутаг хоёрыг гайхамшигтай хослуулан холбож тавих үндэс болж өгсөн билээ. Зэн төвийн гоо зүй бол - чухамхүү Apple адил - Өрнө, Дорнын зохирол бүхий хослол мөн.
Зөнлөг цахим тооцооллыг бүтээх ажлын явцад Жобс Жонатан Иве хэмээх эелдэг даруухан британи дизайнер залуу өөртэй нь ижил хүсэл сонирхолтой болохыг олж мэджээ. Тэр залуу түүнд iMac, iPod, iPad, MacBook Air, iPhone гэх зэрэг олон сайхан бүтээгдэхүүнийг нь бүтээхэд нь тусалсан байдаг. Эдгээр нь их энгийн даруухан бөгөөд татгалзахын аргагүй, чухам л Иве Жобс хоёрыг "нээх" хүртэл ертөнцийн хаа нэгтээ хамтаа хүлээж байсан хэлбэр болон үйл ажилгааны салшгүй нэгдэл мэт бүтээгдэхүүнүүд тул та анх харсан даруйдаа л амаа ангайтал гайхах болно. Энд бага зэрэг Буддизмын нэр томъёо ашиглан өгүүлвээс, Apple-н шилдэг сайн бүтээлүүд нь өмнөх "компьютер" эсвэл "утас", MP3 тоглуулагч зэрэг нь ямар байх ёстойг бүрэн дүүрэн харуулах мэт, гэнэтхэн хоосноос (шунъяата) үүдэн гарсан мэт санагддаг юм. Тэдгээр нь гайхалтай цэвэрхэн, шинэхэн аватарууд байв.
Японы сүм хийдүүдэд шинэ залуу хуврагууд хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн үйл хийж байх ёстой тухайд номлодог байна. Таны номын үйлийн ар тал нь урд тал шигээ чухал гэсэн үг юм. Кобунтай хамт өнгөрүүлсэн он жилүүдээс Жобсийн хамгийн сайн сурч авсан хичээл нь үхлийг хүлээн авах нь амьдралын зайлбаргүй нэгэн хэсэг мөн хэмээх юм. Тиймдээ ч өөрийнх нь үхэл гарцаагүй гэдгийг мэдчихээд байх үед нь тэр нь ихээхэн хэрэг тус болсон биз ээ. Жобсийн 2005 онд Стэндфордод тавьсан сэтгэл хөдөлгөм илтгэл нь тухайн нөхцөлд Буддаг дурдаагүйгээрээ илүү сайн болсон сонгодог Бурханы номын айлдвар адил болсон юм:
Хэн ч үхэхийг хүсдэггүй. Тэр бүү хэл, диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч тэндээ очихын төлөөнөө үхэхийг хүсдэггүй юм. Гэсэн хэдий ч үхэл бол бид бүгдийн хувь тавилан мөн. Хэн ч, хэзээ ч үүнээс бултан гарч байсангүй ээ. Тийм ч байхаас өөр аргагүй. Учир нь Үхэл гэдэг амьдралын цор ганц шилдэг бүтээл ч байж болох талтай. Энэ бол амьдралын хувьсал өөрчлөлтийн элч төлөөлөгч мөн. Энэ нь шинэ нялхсыг угтаж авахын тулд хуучин өтгөсийг нь явуулдаг юм. Яг одоо та бүхэн шинэ нь боловч одоогоос нэн удалгүй нэг л өдөр аажмаар өтлөж, улмаар нөгчин одох болно. Ийм чанга хатуу үг хэлж байгааг минь өршөөгөөрэй! Гэхдээ энэ бол аргагүй үнэн мөн.
Та бүхний нас хязгаарлагдмал тул хэн нэгэн өөр хүний амьдралаар амьдарч бүү шамшигдуул. Ямар нэгэн догм, ягшмал онолд бүү хүлэгд! Учир нь энэ бол бусад хүмүүсийн сэтгэлгээний үр дүнгээр амьдрахын нэр юм. Өрөөл бусдын үзэл бодлын хурц үзүүр таны дотоод дуу хоолойг сарниах боломжийг бүү олго! Хамгаас чухаг нь өөрийн зүрх сэтгэл болон зөн зовинг дагах зүрх зоригтой бай! Тэд чинь ямар нэг байдлаар таны үнэндээ юу болохыг хүсээд буйг хэдийнээ мэдэж байдаг юм. Бусад бүх зүйлс хоёрдугаар зэргийнх мөн.
Энэ бүхнээс харахад олонх хүний эндүү боддогчлон Бурхны шашин бол зөвхөн өтгөс буурлуудын муйхраар шүтдэг хуучны үеэ өнгөрөөсөн, ягшмал номлолын шинжтэй сургаал биш болох нь тодорхой байна. Энэ бол үнэндээ социализмын үеийн үзэл суртлын машинаар угаагдсан уураг тархи залруулагдан цэвэрлэгдээгүй явж байгаагийн илэрхийлэл юм гэдгийг бид өнөө хэр анзаардаггүй юм. Хэрвээ түүнд суралцаж, амьдран ахуйдаа бүтээлчээр хэрэглэж чадваас хэн хүний гайхшралыг төрүүлэм шинэ техник, технологи зохион бүтээж болохын нэгэн жишээ нь Стив Жобс юм. Үнэндээ энэ бол хүн төрөлхтөн Буддизмаас сурч, мэдэж, санаа авч болох хязгааргүй их зүйлсийн зөвхөн нэг өнгөн хэсэг мөн. Тиймээс ч барууны еотөнцөд Стив Жобсыг Буддист байсан хэмээхийн зэрэгцээ хамгийн гол нь тэрбээр ийм орчин үеийн технологийг бүтээх шинэ санааг яаж Буддизмаас олж авсан байх вэ гэдгийг олохыг чармайн шуугилдацгааж байна.
Судар Шастир нийгэмлэг
No comments:
Post a Comment