Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс.
Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?
Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна. Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.
1970-аад онд оюун санааны эрэл хайгуул хийж байсан бага залуу Жобс Зэн бурхны шашинд суралцах болсон нь зөвхөн нэг өнгөцхөн татагдаж сонирхсон хэрэг төдий биш байв. Тэрбээр Зэн буддизмд түүний маш өвөрмөц, товч хураангуй боловч өөрийн гэсэн өнгө төрх бүхий гоо зүйд зохирон суралцаж байжээ. Тиймдээ ч маш тууштай бөгөөд хичээнгүй суралцагч болж Кармелийн орой өөд мушгиран тоосорсон өгсүүр замын төгсгөлд асарлах Америк дахь хамгийн анхны Зэн хийд болох Тассажарад хэдэн долоо хоногоор “хана ширтэн”, чухамдаа Зэн шавь нарын хэлдэгчлэн, өөрийн сэтгэлийг шинжин ажиглах бясалгалыг үйлдэн өнгөрүүлдэг байжээ. Телефон утасны систем болон түүний үндсэн байгууламжийн дизайны мэргэжилтэн хүн яагаад ийм зүйл хийхийг сонирхох болов оо? Сэтгэл оюунаар сэтгэлийг ажиглан шинжилж, эцэстээ сэтгэлийн үйл ажилгааны үндсэн хэв маягийг өөрчлөхийг танин мэдэхүйн сэтгэл зүйд (cognitive psychology) мета танин мэдэхүй (metacognition) хэмээн нэрийднэ. Өнө удаан дадуулан суралцсан хүн гүн бясалгалаар Буддизмын маш их яруу найргийн хэв шинж бүхий соёлын хучилгыг нэвтлэн гүнд нь орж чадваас тэндээс хүмүүний үйл ажиллагааны системийн нэгэн зүйл мета танин мэдэхүйн талд хөл тавих аж (ийм зүйрлэл Жобсийн оюун ухаанд нэгэн цагт төрж байсан байж болох юм). Зэн ёсны бясалгалын суудлаар суух үйл нь Жобсийн хувьд сэтгэл дотроо "эх хавтан"-г хөгжүүлэх практик арга техникүүд болж өгчээ.
Дэлхийн зах зээл дээр гарахын төлөө ажилла(монгол гэдэг улсыг дэлхийд таниулахын төлөө),зөвхөн монголын хүрээнд сэтгэхээ боль!!!