Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?
Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна. Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.